ШИЛЭН БАГЦ
Шилэн багцын битүүмжлэлийг технологийн дагуу хийдэггүй, 3-4мм нимгэн шил, 9мм, 12мм-ын нарийн гуурс хэрэглэдэг, ивээс буруу хэрэглэж байгаа зэрэг зөрчлүүд байна. Улаанбаатарын цаг уурын нөхцөлд дулаан техникийн тооцооллоор хоёр хөндийт 4-5мм зузаантай 3 давхар шилэн багц нь (4+9+4+9+4) стандартын шаардлага хангана. Харин энгийн агаараар дүүргэсэн нэг хөндийтэй цонхны хувьд 16мм-ээс багагүй гуурстай байх ёстой ба дулаан алдалтыг бууруулахын тулд тусгай зориулалтын хальс наах, шинэ технологийн түрхлэг (Low-E, Nano) хэрэглэх, аргон хийгээр дүүргэж “жинхэнэ вакуум цонх” гаргах зэрэг нь стандартын цонх үйлдвэрлэлтэд онцгой ач холбогдолтой.
РЕЗИН ЖИЙРГЭВЧ
Резин жийргэвч нь хөлддөг, хатаж хагарч - хугардаг, муухай үнэртэй, физик-хими чанараа амархан алддаг, хямд үнэтэй өргөн хэрэглэж байна. Түүнчлэн жийргэвчийг тасалдуулж залгасан, уулзвар ам нь нийлээгүй гэх мэт алдаа дутагдалууд байна. Резин жийрэг нь цаг уурын халуун - хүйтэний өөрчлөлтийг даах чадвартай, эсэлдэж хагарч хугардаггүй, байгаль орчинд хор нөлөөгүй байх шаардлагатай бөгөөд EPDM - технологийн жийрэг нь стандартын нөхцөлийг хангадаг болно.
МЕТАЛЛ ЗҮРХЭВЧ
Хуванцар PVC цонхны бэлдэц - цувималыг цаг агаарын халуун - хүйтэн өөрчлөлтөөс гарах диформаци – механик агшилт, суналтаас гарах гузайлтаас хамгаалах зорилгоор хөндийд нь зэврэлтээс хамгаалсан цайрдсан өнгөлгөөтэй, сэв эвдрэлгүй 1.2мм-ээс багагүй зузаантай металл зүрхэвч хийж хүчитгэсэн байх ёстой.
Гэтэл металл зүрхэвчийг нь стандартын шаардлага хангаагүй зэвэрсэн төмрөөр орлуулсан, түүнийгээ зөвхөн нугас түгжээ байрлуулдаг хэсэгт нь хийсэн, хуванцар цувимал-металл зүрхэвч хоёр нь хоорондоо огт бэхлэгдээгүй болон хол зайтай бэхлэгдсэн, сул тасалдсан-залгаастай төмрөөр хийсэн зэрэг нь техник технологийн шаардлага зөрчиж байна.
БАРИУЛ, НУГАС, ТҮГЖЭЭ
Бариул нугас түгжээ стандартын шаардлага хангахгүй байна. Хямд үнэтэй ямарч тохируулгагүй “хавтгай цагаан нугас”, чанаргүй махан төмөр хайлшаар хийгдсэн, даацгүй хэврэг хуванцар хийцтэй түгжээ, бариул хэрэглэн, суулгахдаа нүхээ буруу цоолсон, зөв суулгаагүйгээс хаагдаж нээгдэхэд гажилт үүсэх гол нөхцөл болж байна. Ихэнх үйлдвэрлэгчид маань салхижуулалтын өнцгийн тохируулагч хэрэгсэл тавьдаггүйгээс салхивч хүчтэй салхинд савж онгойдог байна.
УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН НҮХ
Ус зайлуулах суваг, тусгай зориулалтын нүх гаргадаггүй, харин гаргаж байгаа нь замбараагүй цоолдог, салхины таг хийгээгүй байна.